оффисын таатай орчин

Хүн амьдралынхаа гуравны нэгийг  ажлын байран дээрээ өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Орчин цагт оффисын интерьер нь байгууллагын өнгө төрх, амжилт, ажилтнуудын бүтээмжийг илтгэх чухал хүчин зүйл болж байна. Ажилтнууддаа хүн төвтэй,  “ээлтэй” ажлын байр бий болгох нь байгууллагын ажилтнуудаас гадна тухайн байгууллагаар үйлчлүүлэгчдийн ч сэтгэл санаа, урам зориг, итгэх итгэл, хандлагат нөлөөлдөг учраас орчин үед тансаг хэрэглээ гэж харах өнцөг өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай. Оффисын интерьертээ анхаарах нь бизнесийн хувьд ч үнэ цэнэ нь өдрөөр өсөх чухал хөрөнгө оруулалт юм. Ажилтнуудынхаа ажлын бүтээмжийг өсгөх, оффисынхоо өнгө төрхийг өөрчлөхөөр зэхэж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал дараах зөвлөгөөг хүргэе.

 

1. Өөдлөх айл үүднээсээ

 

 Дотор засалдаа өөрчлөлт хийх гэж байгаа бол үүдний хэсгээсээ эхлээрэй. Ороод ирэхэд сэтгэл сэргэм өнгөний хоршил, тав тухыг мэдрүүлэх байгууллагаар үйлчлүүлэхэд хэчнээн урамтай билээ. Үүдний хэсгээс эхлээд хүн ашиглаж, хүрч очиж болох бүх л талбайг ашигтайгаар шийдэхэд интерьерийн ач холбогдол оршдог. Ажилтнуудын хувьд үүд хэсэг нь  өглөөг эрч хүч дүүрэн ажлаа эхлүүлэх, тухайн өдрийн анхны сэтгэгдэл үлдээх хамгийн чухал хэсэг юм. Энэ хэсгээ хүлээлгийн сандал, хувцсаа өлгөх өлгүүр зэргээр ая тухыг нь хангахад анхаарч тохижуулаарай.

 

2. Нэг хүний орон зай 

 

Том, жижиг талбайн хэмжээ, ажиллах хүчний тооноос хамаараад дотор заслыг хэв маягт баригдахгүй, янз бүрээр шийдэх боломжтой. Танай байгууллага жижиг талбайд олон хүн ажиллахаар байсан ч хоёр хүний хоорондын зай хамгийн багадаа 80 см байхаар тооцоолох нь эргономикийн хувьд байх ёстой стандарт шийдэл юм. Нэг хүний эзлэх орон зайгаас гадна хүн зөрөх, явах талбай ч ажилтнуудын бүтээмжид чухал ач холбогдолтой.

 

3. Агааржуулалтын систем

 

Тав тухтай оффис нь ажилтнуудын төвлөрлийг нэмэгдүүлж, ухаалаг шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байна. Мөн агааржуулалтын системтэй бол ажилтнууд нь бага алдаа гаргадаг гэсэн сонирхолтой судалгаа байдаг. Ажилтнуудынхаа ая тухыг бодох нь ажлын бүтээмжтэй ажиллахаас гадна үйлчлүүлэгчид таатай мэдрэмж төрүүлснээр бизнесийн хүрээгээ тэлэх боломж юм. Агаарын чанараа дээшлүүлэхэд ногоон ургамал байршуулах нь интерьерт ч өнгө нэмэх тустай. 

 

4. Өнгө

 

Хүн ажлын байран дээрээ төвлөрч ажиллах ёстой учраас хэт гял цал биш, пастел болон 2,3 өнгөнөөс бүрдсэн хоршил байх нь зохимжтой. Цэлгэр талбайг бодож дан цагаан өнгөөр дагнавал хэт уйтгартай, ажилтны сэтгэлгээнд нэгэн хэвийн дүр зураг буух юм. Харин артдеко буюу хэтэрхий өнгөлөг байх нь ажилдаа төвлөрөхгүй сатаарах хандлага ажиглагддаг. Хөнгөн, тайван, саарал болон цагаан өнгийг хослуулан сонгохыг зөвлөе. Мөн нүд эхэлж хаана тусахад анхааран, гол мессеж өгөх өнгөө тодоор илэрхийлж болно.

Холбоотой нийтлэл: Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх интерьерийн 5 шийдэл

 

5. Амрах агшин

 

Хүний эрүүл мэнд, тав тухыг эрхэмлэж, хөгжих сайжрах боломжийг эрэлхийлэх нь оффисын дотор засалд хамгийн ‘дээд’ стандарт юм. Ажиллах хэсгээс гадна амарч тухлах, стресс тайлах, бүтээлч санаа олох орон зайг шийдэж өгснөөр ажилтны бүтээмж болон сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг. Ажлын байран дээрээ байгалийн онцлогийг харуулсан дизайн ашиглах нь ажилтны сэтгэл ханамжийг 15%-иар, бүтээлч байдлыг 6%-иар, бүтээлч сэтгэлгээг 15%-иар нэмснийг доорх нийтлэлийн судалгаа харуулж байна. (Эх сурвалж: www.forbes.com)

 

6. Тусгаарлах хана

 

Орчин үеийн интерьерт тусгаарлах ханыг маш хялбар, бага төсвөөр шийдэх боломжтой болсон. Оффисын дотор засалд тусгаарлах хананы үүрэг гүйцэтгэх  шилэн ханыг дуу чимээ, орон зайг тусгаарлахаас гадна интерьерт загварын сонирхолтой шийдлийг бүтээх болдгоороо давуу талтай. Мөн төмөр тавиуруудыг тусгаарлах үүргээр шийдэх нь тод декрацийг тавьж, интерьертээ өнгө нэмэх төсөр арга юм. 

Дээрх зөвлөгөөний дагуу ажлын байрыг очих ёстой биш очихыг хүсдэг, сэтгэл сэргээдэг, урам зориг авдаг газар болгон тохижуулаарай. Сайтар бодож төлөвлөсөн, зохион байгуулалттай, тав тухтай оффисын интерьер нь бизнесийн тань хэр амжилттай явааг таны өмнөөс “ярина”.

 

Та манай үйлчилгээний танилцуулга материалыг  татаж авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтрээрэй.